Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАЛХЫН ГОЛЫН ЖАНРАЙСИГ ИХ БУРХАНЫГ СЭРГЭЭХ СУДАЛГААНЫ БАГТ ОРЖ АЖИЛЛАСАН Б. ПАЛАМЫН АЖЛЫН ТАЙЛАН
 2009 онд зохиогдсон “Халхын голын их шүтээн” сэдэвт эрдэмшинжилгээний хуралд илтгэсэн материал:  Орон нутагт зохион байгуулсан судалгааны ажлын багт БСШУ-ны яамны Соёлын төвийн захирал Ар-өөлд овогт Ганбаатарын Энхбат, түүх соёлын дурсгалыг сэргээн засварлагч Зууннаст овогт Самдангийн Чинзоригт, Анчин овогт Дагвадоржийн Нямдорж, Дорнод аймгийн музейн захирал хатагтай Ж. Цагаан, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, химийн ухааны доктор, То ван судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Хатагин овогт Билэгтийн Палам нар ажилласан ба Дорнод аймгийн нутагт хийсэн судалгаанд Дорнод аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Б. Энх-Очир, Ю. Дэлгэрмаа нар оролцон ажиллав. Судалгааны ажлыг Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Их бурхан бүтээсэн цаг үе, үйл явдалд холбогдох Буйр нуур, Дархан сөөг, Хөх өндрийн овоо, Бавуу бэйсийн хийдийн туурь, Их бурхан, Хүүхдийн (Толгойтын) овоо, Баян цагааны нуруу, Хамар даваа, Эрс уулын хилийн сумангийн ойролцоох Ор нугын хэлтгий хад, Халхын голын эрэгт байх сүмийн туурь, Эрс уул, Хулд- Дархан уул, Хэрээ уул, Тамсагбулаг, Утай таван уулын туурь, 1922 оны 11-р сарын 4 нд жанжин Д. Сүхбаатарын зүүн хязгаарыг тохинуулах ажлаар Хэрлэн цагаан талбайд очсон газар зэргээр явж, бурхан бүтээсэн эрдэс чулуулагийг судлан, шинжилгээнд хэрэгтэй гэж үзсэн зарим дээжийг сонгон авав. Их бурханыг хэрхэн бүтээсэн тухай бичиглэн үлдээсэн мэдээлэл хомс, гагцхүү олон түмний аман уламжлалд тулгуурлан бичигдсэн, хуримтлуулсан зүйлийн судалгаа нэлээд байна. УТТА-ийн бүрэн засгийн тэргүүн оны 4.27.26-д баримтаас үзэхэд их бурханыг одоогийн байгаа газраас нь 5 өртөө газарт шилжүүлсэн гэж тэмдэглэснээс биш, ямар нэртэй газраас зөөснөө дурьдсангүй. Одоогийн их бурхан байгаа газраас 3 өртөө (90 орчим км) газарт орших Хэрээ ууланд очиж сурвалжилахад 150 шахам жилийн өмнө энд бурхан бүртээж байжээ гэсэн ул мөр бидэнд олдоогүй. Мөн эндээс 5 өртөө орчим газарт байх Тамсагбулагт их бурхан барьж байсан аман уламжлал хийгээд нүдэнд тусах баримт байсангүй. 1995 онд ШУА-иас хийсэн малталтаар 35 хэмийн налуу газарт байгуулсан Жигважиджав Жанрайсиг их бурхан гадна талаараа 2 давхар тэгш өнцөгт хэлбэртэй чулуун хүрээтэй, их хүрээ нь 220 х 97 метр, бага хүрээ нь 113 х 63 метр хэмжээтэй 2 хүрээний хооронд 20 ланз үсгээр “ом ма ни бад хум, ом базара бани хум хум пад, ум ра ба знада” гэсэн бичлэгтэй. Утайн таван уулын туурин дээр нэлээд хэмжээтэй буй, бурханы зүүлтийн шигтгээ хийж байсан бололтой ногоон өнгийн чулуу нэлээд хэмжээтэй байгааг үзэж тогтоосон ба үрэгдэж алга болохоос нь өмнө татан авах нь чухал гэж үзнэ.  Загас агнуурын инженер Танжи овогтой Төмөрбаатарын аман мэдээллээр Буйр нуурын загас агнуурын аж ахуйн төвийн өмнө талд байх чулуун бурхадыг гаргаж цэвэрлэн, эгнүүлэн байрлуулж зураглав. БНХАУ-ын ӨМӨЗОрны баруун зүүн, шинэ барга хошуу (хоёр хошуу Оршуун голоор хиллэнэ), Хөлөнбуйр аймгийн төв Хайлаар хотоор явахдаа Алтан эмээл дахь Баргын музей, Амгаланбаатар хот дахь Баргын улаан ганжуур сүмийн сэргээн босголт, Халхын голын зүүн эрэгт байгуулсан Номуунхан бүрдийн дурсгалын музей, Хайлаар хотын Халхголын дайны музей зэргийг үзэж нэлээд мэдээлэл хуримтлуулсны зэрэгцээгээр Шинэ барга зүүн хошууны захирагч ноён Хань жин (Хайнзан Б.П), дэд дарга зайлхан (зайлсан, нүүсэн) овогт Намсрайн (На) Мөнхсүрэн, хилийн боомтын ажилтан Хурцбилэг, соёлын өвийн ажилтан Сугар, аялал жуулчлалын албаны ажилтан эмэгтэй Толь болон гэрэл зурагчин Батмөнх, яруу найрагч Харгана овогт Машбатын Оюунгоо, соёл урлаг телевизийн дарга, хөгжмийн зохиолч Цолмон нарын олон хүмүүс бидний хүсэлтийн найрсагаар хүлээн авч, тал бүрийн туслалцаа үзүүлэв. Судалгааны ажлаар үр дүнгээр шийдвэрллэх асуудал
1.Халхын голын эрэгцэгийн цагаан өнгийн шаварлагаас тогтсон тунамал чулуу ба нойтон шаврыг Их бурхан сэргээх ажилд авч ашиглах
2.Их бурханыг сэргээхийн өмнө Ялалт баг, Сүмбэр тосгоныг холбосон шугамаас цахилгааны эх үүсвэртэй болгуулахаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ноён Сэр-Одын Ган–Очирт тавьсан бидний хүсэлтийг хэрэгжүүлэх       
3.ӨМӨЗОрны нийслэл Хөх хотоос Халхын голд барих сүмийн барилгын өнгөлгөөны хөх тоосго, Хэнтий аймагт үйлдвэрлэж буй хөх тоосгыг авч ашиглах боломжийг судлах
4.Шинэ барга зүүн хошууны захирагчийн нийлүүлэхээр амласан сүмийн дээврийн вааран материалыг татан тээвэр, төлбөр тооцоо, хил гаалийн асуудлыг Дорнод аймгийн ЗДТГазарт тавьж шийдвэрлүүлэх.
5.Жамсран овооноос урагш 2 км газарт байх “Хадны ус” хэмээх газрын улаан зос, Вангийн цагаан уулын баруун урд талд байсан гэх То вангийн хошууны вааран эдлэлийн үйлдвэрийн туурь, Ханчандмань уулын арын сүмийн их туурь, Сангийн далай нуурын баруун хойт дэнж дээр орших Дашгалсан жасын туурь, Халхын гол дахь То вангийн өвлийн өргөөний туурь гэх газар, Матад сумын төвийн цагаан тосон шаврын орд., Халхын сүмийн туурь, Халх Нөмрөгийн сав газарт байж болох эрдэс чулулгийн орд газрын судалгааг үргэлжлүүлэх хийх нь Их бурхан сэргээх ажилд хэрэг болох чухал зүйл болно. 
6.ӨМӨЗОрны Шинэ барга зүүн хошууныхны асар том нүх ухаж, олон (айл бүр 2 машин гэх мэт) машин хужир булж, хүнсний талст цагаан давс ургуулдаг туршлагыг манай оронд авч хэрэглүүштэй зүйлийн нэг гэж үзнэ.
7.Түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээх ажилд хүрэл эдлэлийг модон сийлбэрээр орлуулан хийж, нунтаг зэсийг лаакаар найруулан будах хялбар арга Зүүн шинэ барга хошуунд хэрэглэж байгааг бид хямд хялбар, дэвшилтэт зүйл гэж үзэж, ажилдаа нэвтрүүлэхэд бүрэн боломжтой технологи болно.
8.Буйр нуурын “Нарийны” хүхэрлэг шавар, Их бурханы орчимд орших Сөртийн рашаан, Нөмрөгийн голын Хадны рашаан гэх ходоодны сайн рашаан байгааг нарийн судлан нутгийнхны эмчилгээнд савлаж хэрэглэх боломжийг хувийн хэвшлийнхэн зохион байгуулж ашиглах боломжтой гэж үзнэ.
9.Түүхэн баримтаас үзэхэд Их бурхан бүтээх ажил 4-5 жил үргэлжилсэн байх агаад олон хүн байнга ажиллан, тээвэр, барилгын материал, ажлын хөлс, бусад зардалд ихээхэн хөрөнгө зарцуулагдсныг тооцоолон, хуучныг сэргээхэд түүнээс ч илүү хөрөнгө зардал гарахыг баримжаалан, Энэтхэг улсын элчин сайдын яамнаас олгохоор санал болгож байсан санхүүгийн дэмжлэгийн авах боломжийг судлах
10.Их бурханыг сэргээхийн тулд сэргээн босгох ажлын захиргаа байгуулах нь чухал гэж үзнэ. Дэлгэрэнгүйг “Халхын голын их шүтээн” номоос үзнэ үү. Бэлтгэсэн: Б.Палам.

   


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats